Бодит түүхэд тулгуурласан зураглал
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явна. Энэ хуулийн гол үзэл баримтлал, ач холбогдлын талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яагаад Ерөнхийлөгч санаачилсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барихаас өмнө 2013 онд Иргэний танхимд хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Хүчирхийлэл өнөөгийн нийгмийн маш том үзэгдэл болсон нь хэлэлцүүлгээс тодорхой харагдсан юм.
Тэндээс үүнийг хуульчлалгүй болохгүй, 2005 онд батлагдсан Хүчирхийллийн эсрэг хууль өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахгүй байна гэдгийг олж хараад, “Энэ хуулийг шинэчлэн найруулах ёстой” гэж хэлсэн. Төрийн бус байгууллагууд, судлаачид, холбогдох албаны хүмүүсийг оролцуулаад төслийг бэлэн болгосон нь шат дараатай явсаар одоо УИХ-аар хэлэлцүүлэх шатанд орж буй хэрэг.
Уг нь өмнөх Засгийн газрын үед өргөн мэдүүлсэн боловч шинэ Засгийн газар эргэн татаж авч хугацаа алдсан. Ерөнхийлөгчийн зүгээс яаралтай батлуулах хэрэгтэй хууль гэж үзэж байгаа. Хүний амь хөнөөгөөд хорих ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэрэг үйлдсэн байдаг. Ийм хэргээр 42 эмэгтэй хоригдож байна.
Тэгвэл залилан, хулгай зэрэг ахуйн төрлийн гэмт хэргийг голдуу санаатайгаар үйлдсэн байдаг. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг бол хүчирхийлүүлэгч эмэгтэй амиа алддаг, үгүй бол хүчирхийлэгч өөрөө амиа алдаж дуусдаг харамсалтай төгсгөлтэй тохиолдол манайд нэг бус удаа гарч байсан.
Энэхүү инфографик дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Э.Энхмаа